Технологи хурдтай хөгжсөн сүүлийн хэдэн жилд хүмүүс "хэрэглэгч", "бүтээгч" гэсэн хоёр бүлэгт хуваагдсан болохыг та анзаарсан байх. Ихэнхи хүмүүс гар утсан дээрээ тоглоом тоглох, фэйсбүүк хэрэглэх, чаатлах гэх мэтээр "хэрэглэгчийн зан үйлд" сайн суралцсан байна. Нөгөө талд энэ бүхнийг бүтээгч хүмүүс бий. Тэдгээр бүтээгч хүмүүс бол шинэ ертөнцийн "зөв иргэд" бөгөөд сайн сайхан амьдрал, баялагийг бүтээн бий болгож байгаа хүмүүс юм.
Програмчлал бол бүх хүн сурах ёстой зүйл. Намайг хэт туйлширч байна гэж битгий бодоорой. Учир нь програмчлал бол хүн төрөлхтөний шинэ цагийн "бичиг үсэг" юм. Хүмүүсийн амьдрал, аж төрөх арга хэлбэр, дэлхий ертөнцөд өөрчлөлт хэрэгтэй байгааг бид сайн мэдэрдэг. Гэхдээ яаж өөрчлөх вэ, шинэ ирээдүйг хэрхэн бүтээх вэ гэдгийг бид мэдэхгүй байна. Тэгвэл хариулт нь програмчлал, програмчлах урлаг байж болох юм. Бүх нийтээр програмчлалд суралцах нь үнэхээр сайхан ирээдүйн гол түлхүүр байж болно. Тиймээс та програмчлалд суралцаад үз, тэгээд ойлгох болно.
Програмчлалд суралцахад төдийлөн их зүйл шаардлагагүй. Бусад мэргэжлийн хувьд бүтээл хийхийн тулд түүхий эд материал, багаж хэрэгсэл, тохирсон орчин байх шаардлагатай болдог. Харин програм бичихийн тулд ердөө зөөврийн компютертэй, тэгээд толгойгоо жаахан ажиллуулахад болно.
Програмчлалд эхлэн сонирхож байгаа бол Go хэлийг эхлээд сур гэж зөвлөх байна. Go хэл бол хөгжүүлэгч хүний сайн эзэмшвэл зохих хэлний нэг юм. Энэ хэл нь 2009 онд анх олон нийтэд зарлагдсан. Одоогийн хамгийн түгээмэл гэгдэж байгаа Java, Си хэлүүдийг яваандаа халах байх гэж үзэж байгаа. Учир нь Go хэлэнд Java-н боломжууд байгаагийн дээр хурдны хувьд илүү, Си-тэй хурд ойролцоо, гэхдээ олон цөмтэй тохиолдолд илүү гардаг, дээр нь Си-ээс асуудал багатай хэл юм. Си, Java болон бусад хэлүүд нь орчин үеийн олон цөмт компютерийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй, техникээсээ "хоцрогдсон" байдаг. Тиймээс бусад хүмүүс Go хэлийг судлаасай, сургуулиуд сургалтандаа оруулж заадаг болоосой гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэхүү номоо бичлээ.
Зохиогч